Өвдсөн хүн өрхийн эмнэлэгт очдоггүй

Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн хоёрдугаар хорооны "Миний зөвлөгч" өрхийн эмнэлэг өчигдөр үйлчлүүлэгч багатай байлаа. Голдуу бага насныхан, жирэмсэн эхчүүд, тариа хийлгэх гэсэн өндөр настнууд эмч нарын үүдэнд сууж харагдана. "Ер нь ийм хүмүүс л манай гол үйлчлүүлэгчид" хэмээн тус өрхийн эмнэлгийн эмч Ч.Нарантуяа өгүүлэв. Дээр нь дээд шатлалын эмнэлэгт үзүүлэх бичиг авах гэсэн хэсэг бүлэг ханддаг аж. Уг нь иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс үзүүлдэг ганц газар нь өрхийн эмнэлэг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 123, аймаг, хот суурин газарт 93, нийт 216 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаардаг эрүүл мэндийн салбарын хамгийн чухал, анхан шатны нэгж гэдэг утгаараа олны хөл бужигнаж л байх ёстой газар. Гэвч тийм биш болжээ. Тэр байтугай харьяа өрхийн эмнэлэг нь хаана байдаг, хэн гэдэг эмч ажилладгийг мэдэхгүй нь дийлэнх. Өрхийн эмчид итгэж тусламж хүсдэг хүн ч үгүй.

Харин ч үл ойшоож, мэдлэг чадвар муутай, ахиж дэвждэггүй эмч нар ажилладаг гэж үздэг. Иргэд ингэж бодох нь ч буруу биш. Учир нь өнөөдөр өрхийн эмнэлэг анхан шатны тусламжаа ч тэр болгон үзүүлж чаддаггүйгээс иргэд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт л шууд хандана. Саяхан найз маань харьяа өрхийн эмнэлэгтээ дусал хийлгэх гэж очоод судас олчих чадваргүй эмчээс болж гараа сэглүүлж дууссанаа халаглаж суусан. Өөрийн буруугаас болж хэдэнтээ зүү шивсэн атлаа цайны цаг болох гэж байхад ирлээ хэмээн баахан загнажээ. Өвдсөн хүн өрхийн эмнэлэгт очдоггүйн шалтгаан ингэхэд юунд байна вэ.

Шинэхэн төгсөгчдийн орон тоо бөглөх газар нь өрхийн эмнэлэг үү

Өрхийн эмнэлэгт итгэл алдрах болсон нь нэг талаар шинэ залуу, туршлагагүй эмч нартай холбоотой. "Нээлттэй нийгэм форум"-аас явуулсан судалгаагаар өрхийн эмнэлэгт ажиллаж буй эмч, сувилагчдын олонхи нь буюу 66.2 хувь нь шинэ залуу эмч байхын зэрэгцээ дийлэнх нь ажилдаа сэтгэл ханамжтай ажиллаж чаддаггүйг тогтоожээ. Үлдэх хувь нь 40-өөс дээш насныхан. Зөвхөн нэг эмнэлгээр жишээ татахад 2001 онд байгуулагдсан "Эрүүл жаргал" эмнэлэг анх байгуулагдсан бүрэлдэхүүнээрээ өнөөг болтол ажиллаж байгаа аж.

Шалтгаан нь ердөө энд ажиллах сонирхолтой хүн олдоггүйд гэнэ. Харин сүүлийн жилүүдэд анагаахын сургуулийн шинэхэн төгсөгчид өрхийн эмнэлгийн орон тоог бөглөх болжээ. Учир нь, залуу эмч нар бие даан эмчилгээ хийх лиценз авахын тулд эхлээд анхан шатны тусламж үзүүлдэг эмнэлэгт хоёр жил ажиллах ёстой гэдэг журам бий. Үүний дагуу шинэхэн төгсөгчдийн мэргэжил дээшлүүлэх хүртлээ "үдлэх" газар нь өрхийн эмнэлэг болж хувирчээ. Нэг, хоёр жил ажиллах зуураа мэргэжил дээшлүүлж суралцаад төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэгт шингэхийг хичээдэг.

Туршлага дулимагхан тэдэнд үзүүлж, туршилт хийлгэх сонирхолтой хүн ч цөөхөн. Өрхийн эмнэлэг эмчилгээ, үйлчилгээгээрээ гологддог нь ч үүнтэй холбоотой. Угтаа ахмад, залуу үеийн холбоосыг жинхэнэ утгаар нь энд л зөв шигтгэж өгвөл залуу эмч нар өрхийн эмнэлэгт ажиллах боломж бүрдэнэ. Өрхийн эмнэлгийн үйлчилгээ ч сайжрахгүй хэмээн Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн өгүүлсэн юм.

Өрхийн эмч нар мэдлэг дулимагхан нь үйлчлүүлэгчдийн зугатах нэг шалтгаан

Дэлхийн банкны тооцоогоор өнгөрсөн оны байдлаар манай орны 100 мянган хүнд ногдох эмнэлгийн ор 18 мянга, эмчийн тоо 7.500 аж. Энэ нь ижил орлоготой бусад оронтой харьцуулахад нэг хүнд ногдох эмчийн тоогоороо боломжийн төвшинд гэсэн үг. Гэтэл эмч нар нь хаанаа ч хүрэлцэхгүй байгаа нь өрхийн эмнэлгүүд үүргээ бүрэн хэмжээнд гүйцэтгэж чаддаггүйтэй шууд холбоотой. Хэн нэгэн оношлогоо хийлгэхийн тулд заавал харьяа өрхийн эмнэлгээрээ дамжиж аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хандах ёстой. Харин өрхийн эмч тухайн хүнийг техник хангамж нь байгаа тохиолдолд оношилж, шаардлагатай эмчилгээ, зөвлөгөөг өгөх ёстой. Гэтэл ихэнхдээ чагнаж, даралтыг нь үзээд Эрүүл мэндийн нэгдэл рүү явуулдгийг хүн бүр мэднэ.

Өрхийн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж чадах байсан ч эсвэл мэдлэг туршлага дутмагаас шалтгаалж ихэнхдээ нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөх нь олонтаа. Эрүүл мэндийн даатгалтай бусад орны хувьд өрхийн эмчийн эмчлэх, нарийн мэргэжлийн эмчийн эмчлэх өвчтөнг нарийн ялгадаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн өрхийн эмчийн зөвлөснөөр нарийн мэргэжлийн эмчид үзүүлдэг тогтолцоо үйлчилдэг. Гэтэл манайд өвчний хүнд, хөнгөнөөс үл хамаарч шууд нарийн мэргэжлийн эмчид хандах нь түгээмэл. Шулуухан хэлэхэд өрхийн эмч нар үүнд буруутай. Өвчтөнийхөө өмнө хүлээх хариуцлага ч сул.

Өнөөдөр өрхийн эмч нар харьяа хорооныхоо төддүгээр байрны төдөн тоотод ямар айл байдаг. Эрүүл мэндийн ямар шалтгаантайг ч огт мэддэггүй. Иргэдийн нэрсийн жагсаалт эмнэлэгтээ байдаг ч хаалгаар нь шагайгаагүй л бол хорооныхоо иргэдийг судлах, харилцахыг ч хүсдэггүй. Угтаа иргэн нь эрүүлдээ өрхийн эмнэлэгт хандахгүй байгаа биш. Хандахыг хүсдэггүй, хандлаа гэсэн ч үр дүнгүй учраас тэр. Хэрвээ өрхийн эмч нар анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх эзэнд нь хүргэж, эрүүл нэгнийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалж чаддагсан бол хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн зардал ч өндөр гарахгүй.

Гэхдээ үүгээр өрхийн эмнэлэг огт хэрэггүй хэмээн хэлсэнгүй. Зөвхөн өрхийн эмнэлгийн эмч нарын мэдлэг чадварыг сайжруулах, жинхэнэ утгаар нь ажиллуулах цаг болсон гэдгийг хэлэх гэсэн юм. Уг нь төрөөс энэ бүлэгт багтах эмч нарыг багагүй дэмжих болсон. Сүүлийн жилүүдэд техник хангамж сайжирч, зарим төрлийн шинжилгээг өрхийн эмнэлэгт хийлгэх боломж ч бүрдсэн. Харин бодит үр дүнг шүүгээд үзэхээр өрхийн эмнэлэг зардал өндөртэй, үзүүлж буй үйлчилгээ нь сул хэвээр байсаар. Иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлж, ингэснээр эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах нь өрхийн эмнэлгийн гол зорилго.

Ийм ч болохоор өрхийн эмнэлгүүдэд хийх санхүүжилтийг жил ирэх тусам өсгөссөөр ирсэн. 2008 онд 9.7 тэрбум төгрөг байсан санхүүжилт ч энэ онд 14.6 тэрбум төгрөг болгон баталжээ. Мөн орон байр, тоног төхөөрөмжийн хувьд төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй. Нийгмийн ямар ч баталгаагүй байсан эдгээр төвийн эмч нар сумын эрүүл мэндийн төвийн эмч нартай адил таван жил тутамд төрийн зардлаар мэргэжил боловсролоо дээшлүүлэх, гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авах зэрэг дэмжлэг ч бий. Цалингийн хувьд ч чамлах хэмжээнд биш. Сард дунджаар эмч нар нь 400, сувилагчид 250-290 мянга орчим төгрөгийн цалинтай. Мэдээж их биш ч гэсэн өнөөгийн нийгэмд ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн хувьд дундаж цалин.

"Эрүүл явбал бусад бүх юм болно" гэдэг. Хамгийн чухал санаа тээсэн энэ үгийг бодит ажил болгоход тусалж дэмжих, зүг чиг нь болсон гол төв нь өрхийн эмнэлэг. Гэтэл өнөөгийн нийгэмд өнгө гундуухан байгаа өрхийн эмнэлгүүд маань шинэчлэл хийж, эмч мэргэжилтнүүдээ сургаж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх тухай яриа ажин түжин байсаар л байна.

Ж.СҮРЭН

Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм батлагдлаа

"Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм"-ийг баталлаа.

Нэг төвд ногдох иргэний тоо нь нийслэлд 8000-аас доошгүй, аймаг, суурин газарт 6000-аас доошгүй байна. Төвийг нөхөрлөл хэлбэрээр нийслэл, аймгийн төв, нэгдсэн эмнэлэгтэй суурин газарт байгуулах юм.

Төв нь иргэдэд нийгмийн эрүүл мэндийн  болон  эмнэлгийн тусламж,  үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах хүний нөөц, байр, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслээр хангагдсан байх ёстойг дүрэмд заажээ.

Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох зардлын хэмжээг хүн амын бүтэц, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, нэр төрөл, бодит өртөг, үнийн өсөлттэй уялдуулан шинэчлэн тогтоож байхаар боллоо.

 

 

Төлбөртэй тасгийн мөнгө хэний халаасанд ордог вэ?

Мөнгөгүй хүн өвдөж болохгүй гэсэн дүрэм үйлчилдэг болсон өнөө үед эмнэлэгт хэвтэнэ гэдэг ховор тохиох завшаан болсон гэхэд хилсдэхгүй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн бичиг авахын тулд өрх, хэсгийн эмнэлгүүдээр дамжин арай гэж авдаг.

Харин өнөөх зовж олсон бичгээ барьсаар эмнэлэг бараадахад ор байхгүй гэсэн хариултаар угтдаг болсон. Үнэн учраа хэлж царайчлах өвдөж зовсон нэгнийг халгаахгүй хэр нь төлбөртэй өрөөнд чинь хэвтье гэснийг нь эмнэлгийн салбарынхан уриалагхан хүлээж авдаг болжээ. Төлбөртэй өрөө нь жирийн өрөөнүүдийг бодвол илүү тохилог.

Зурагт, хөргөгч, ус буцалгагч гээд хамгийн гол нь дотроо ариун цэврийн өрөөтэй байх шалгуур тавигддаг байна. Үнэтэй юм гэдэг өөр байдаг хойно. Төлбөртэй тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнд хандах эмч сувилагч нарын хандлага арай л өөр. Ор байхгүй гэсэн хэр нь төлбөртэй тасагтаа хүн хэвтэхийг хүлээгээд хоосон байлгаж байдаг тасгийн эрхлэгч нар ч байдгийг үгүйсгэхгүй.

Нөхцөл сайжруулсан өрөө буюу төлбөртэй тасгийн ханш нь тухайн эмнэлгээс шалтгаалаад янз бүр байдаг. Төлбөртэй тасгийн ханшийг эмнэлгийн удирдлагууд тогтоодог. Хамгийн доод тал нь өдрийн таван мянган төгрөгөөр тооцон төлбөр авдаг гэж бодохоор 10 хоноход 50 мянган төгрөг төлөх нь. Харин энэ хэмжээний мөнгө төлөх чадалгүй хүмүүс өмнөх хүмүүсээ эмнэлгээс гарч, ор сулрахыг хүлээхээс өөр аргагүй. Томоохон эмнэлгүүдийн дотрын тасгуудын төлбөр 10-20 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Ингээд бодохоор ямар хэмжээний мөнгө иргэдийн халааснаас эмнэлгийн данс руу орж байгаа нь ойлгомжтой.

Гэвч дээрх мөнгө эмнэлгийн дансанд гүйцэд оролгүй ихэнх хувь нь тасгийн эрхлэгчийн мэдэлд үлддэг байна. Тухайн эмнэлгийн дотоод журмын дагуу нөхцөл сайжруулсан өрөөний төлбөрийн тодорхой хувийг эмнэлэгг өгч бусад нь тасгийн мэдэлд үлддэг ажээ. Хуримтлал гэж болохоор энэхүү мөнгөнөөс тасгийн тохижилтод зарцуулахаас гадна уй гашуу, найр наадам болсон үед нэгэндээ хамт олон гэдэг үүднээс тусалдаг байна.

Харин төлбөртэй тасгийн мөнгийг өөрийн юм шиг зарцуулдаг тасгийн эрхлэгч байдаг аж. Өнгөрөгч аравдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмнэлгүүдэд хийсэн шалгалтаар төлбөртэй үйлчилгээний орлого эмнэлгийн дансаар дамжин төрийн санд ордоггүй болохыг тогтоогджээ. Уг орлогыг тасгийн эрхлэгч, эмч нар шууд гар дээрээ авч байна гэсэн үг.

Зөрчил илрүүлсэн МХЕГ-ын байцаагч нар арга хэмжээ авсан талаар дурьдаж байсан. Гэвч ямар нэгэн торгууль төлж, арга хэмжээ авхууллаа гээд зовлонгүй орж ирэх мөнгөнөөс татгалзах хүн байна гэж үү. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр ахиад л төлбөрөө аваад халаасалж сууна. Дээр дурьдсанчлан нөхцөл сайжруулсан өрөөнд өвчтөн ганцаараа байхаас гадна шаардлагатай цахилгаан хэрэгсэл, ариун цэврийн өрөөтэй байх ёстой.

Гэтэл эмнэлгийнхээ удирдлагад нэг төлбөртэй өрөөтэй гэж бүртгүүлсэн хэр нь хоёр өрөөнөөс төлбөр аваад сууж байдаг тасгийн эрхлэгч нар бий. Албан ёсны бүртгэлээс гадна үлдсэн хоёр өрөө нь дотроо угаалтуур, бие засах газаргүй. Тэгэхээр нөхцөл сайжруулсан ерөөнд тооцогдох боломжгүй баймаар. Гэсэн ч төлбөр авдагаараа аваад л байгаа. Ил далд авсан мөнгөөр тасгаа тохижуулаад, эмч, сувилагч, үйлчлэгч нартаа зориулж байгааг нь яая гэхэв.

Харин хувийн хэрэгцээндээ дуран мэдэн зарцуулж байгаа тасгийн эрхлэгч нарт хяналт тавих цаг болжээ.

А.Ням-Өлзий
"Нийгмийн толь" сонин

Эрүүл мэндийн даатгалын системд картын үйлчилгээг нэвтрүүлье

Бамбай булчирхай нь томорсон гэх оноштойгоор хөдөө мал малладаг эгч маань хотод ирлээ. Сумын эмч нь 36 дугаар маягт бичиж өгөөд хот руу явахыг, нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхийг зөвлөж л дээ. Тэгээд л шуудангийн автобусанд суугаад биеэ эмнүүлэхээр эгч маань хотод ирсэн хэрэг. Ирснийх нь маргаашнаас авахуулаад эгчийгээ дагуулаад улсын болоод хувийн эмнэлгүүдээр баахан явж, явж эцэст нь эрүүл мэндийн даатгал нэртэй цэнхэр дэвтэр иргэдэд хэрэгтэй ч юмуу даа гэх бодол төрснийг яана.

Учир нь, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх бүрдээ10-25 мянган төгрөгийн төлбөр төлөх хэрэгтэй болсон. Тэр болгоныг нь улсын эмнэлэгт хийлгэх боломжгүй болохоор улсын эмчийн санал болгосон хувийн эмнэлгээр үйлчлүүлэхээс өөр аргагүй юм билээ.  Энэ тохиолдолд эрүүл мэндийн дэвтрийн шаардлага огт хэрэггүй, халаасандаа овоохон мөнгөтэй байхад л болчихно.

Сар бүр би эрүүл мэндийн болоод нийгмийн даатгалд цалингаасаа тодорхой хэсгийг нь шимтгэлд өгдөг. Нийгмийн даатгал өндөр төлөх тусмаа надад ашигтай, ашгийг нь тодорхой хэмжээгээр хүртэх боломжтой учраас энэ төрлийн даатгалд хамрагдахдаа хүмүүс цааргалдаггүй. Амралтын мөнгө, амаржсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, адаглаад л арилжааны банкнаас зээл авахад хүртэл нийгмийн даатгалд хэдий хэрийн шимтгэл төлдөг нь чухал байдаг болохоор тэр. Харин яах гэж, юуны төлөө эрүүл мэндийн даатгал төлөөд байгаагаа иргэд сүүлийн үед ойлгохоо больчихсон. Төлсөнийхөө хэрээр үйлчилгээ авдаг байсан бол үүнд эмзэглээд байх явдалгүй.

Монгол Улсын иргэний хувьд бид заавал эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх ёстой. Энэ бол төрийн шаардлага. Ажилтай нэг нь авдаг цалингийнхаа хэмжээгээр  өөрсдөө хоёр хувийг нь, албан газар нь хоёр хувийг нь гээд нийтдээ дөрвөн хувийн шимтгэлийг эрүүл мэндийн даатгалд өгнө. Ажилгүй болоод оюутан, малчин, ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцдаг. Харамсалтай нь сая төгрөгийн цалингаасаа дөрвөн хувийн шимтгэл төлдөг нөхөр, төрөөр төлбөрөө гаргуулчихдаг ажилгүй иргэн хоёулаа адилхан эрүүл мэндийн үйлчилгээг авдаг л шог санагдаад байгаа юм. 

Тэгш хуваарилалт, үнэ цэнэгүй эмчилгээ


Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Та иргэний эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ авах, эмийн сангаас хөнгөлттэй үнээр эм авах, рашаан сувилалд сувилуулах эрхтэй. Даатгуулагч ЭМД-ын сангаас жилдээ дээд тал нь 1.112.000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулах боломжтой”  гэсэн ийм гоё заалт байдаг юм байна лээ.  Иргэд ч үүнийгээ мэддэггүй, эмнэлгийнхэн ч мэдрүүлдэггүй л болохоос биш.  Үүнийг хүртдэг хүмүүс цөөхөн байх л  даа, өнөөдөр.

Эрүүл мэндийн дэвтэр өнөөдөр юунд хэрэгтэй вэ гэвэл дүүргийн нэгдсэн эмнэлэгт очоод шүдээ үнэгүй авахуулахад ч юм уу эсвэл өрхийнхөө эмчээс эмийн жор, ажлаас чөлөөлсөний акт авахад л хэрэглэгддэг. Бусад тохиолдолд эхо-д харуулах, шүдээ эмчлүүлэх, ходоодоо дурандуулахад, элэгний BC вирусаа тоолуулахад бүгд төлбөртэй. Гэтэл та сардаа 400 мянган төгрөгийн цалинтай, цалингаасаа сар бүр 16 мянган төгрөгийн шимтгэл төллөө гэхэд жилдээ 192.000 төгрөг эрүүл мэндийн даатгалдаа төлдөг гэсэн үг. Гэнэт шүд чинь өвдөөд, эсвэл ходоод чинь эвгүйрхээд  эхэллээ гэхэд өдөржин дараалалд зогсч байж эмчдээ үзүүлнэ.  Олигтойхон эмчилгээ хийхгүй бол ойр хавийн хувийн эмнэлэг бараадахаас өөр аргагүй байдалд орно. Тэгвэл даатгал төлөөд байх шаардлагатай юмуу гэж бодогдоно доо. Хариулт ньтодорхой, сар бүрийнхээ цалингаас төлдөг мөнгийг энэ олон ядуучууд, ажилгүйчүүд, татвар төлдөггүйчүүдийн эрүүл мэндийн зардалд тэгшлээд хуваачихсан гэсэн үг. Тодруулбал, Баянхошууны Балдан өвгөний эмнэлэгт хэвтэх зардал таны төлсөн татвараас л гарч байгаа юм шүү дээ. Өндөр хөгжилтэй оронд эрүүл мэндийн зардалд жилд 2000 ам.доллар ногддог бол манайх шиг буурай хөгжилтэй орнуудын нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал 35 ам.доллар байдгийг ДЭМБ-аас гаргажээ. Харин манайх жилдээ 30 мянган төгрөгийн нарийн мэргэжлийн шинжилгээ үзүүлэх боломжийг Эрүүл мэндийн хуулиар баталгаажуулсан. Харин нэг удаа эмнэлэгт хэвтэх зардлыг 200-240 мянган төгрөгөөр тооцож төрөөс санхүүжүүлдэг байна.

Хувийн эмнэлгүүдээс даатгалын мөнгийг аваарай

Хувийн эмнэлэгт үзүүлэхэд эрүүл мэндийн даатгал огт хэрэггүй нь үнэн. Амбулаториор үзүүлэх, шинжилгээ хийлгэхэд танд цэнхэр дэвтрийн шаардлага байхгүй. Үйлчилгээ үзүүлсэний төлбөрөө төлсөн байхад хангалттай.  Харин ямар ч өвчнөөр, ходоод, нүд, чих чинь өвдөөд хувийн эмнэлэгт хэвтлээ гэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 мянгыг нь төлөх ёстой гэнэ. Хамгийн гол нь тухайн эмнэлэг заавал магадлан итгэмжлэгдсэн байх шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, хоногийн 25 мянган төгрөгийн эмнэлэгт 10 хоног хэвтлээ гэхэд 170 мянган төгрөгийн төлбөрийг бэлнээр төлж, үлдсэн 80 мянган төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжин тухайн эмнэлгийн дансад ордог байна. Гэхдээ иргэдийн хувьд Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн хувийн эмнэлэгт 80 мянган төгрөгийг төлсөн эсэхийг мэдэх ямар ч боломжгүй аж. Тиймээс хувийн эмнэлгүүд өвчтөнөөс ор хоногийнхоо мөнгийг бүтнээр нь авсан мөртлөө даатгалын сангаас давхар мөнгө гоочлохгүй гэх баталгаа байдаггүй аж.

Картаар үйчлүүлэх ашигтай юу?

Монголчууд төрөл бүрийн виза картуудыг хэрэглээндээ ашиглах болсоор удлаа.  Аль нэг арилжааны банкны виза картаар дамжуулан цалингаа авдаг бол цалингийн зээл авахад  ямар ч хүндрэл гардаггүй. Яг ийм үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлбэл ямар вэ. Жил болгон төлдөг даатгалынхаа мөнгийг картандаа хуримтлуулах ч юм уу, эсвэл картанд нь байгаа даатгалынхаа шимтгэлийн мөнгөөр жил жилдээ эрүүл мэндийн үйлчилгээ авдаг бол Дондогийн төлсөн даатгалын мөнгө Долгор авгай сувилалд хэвтэж чадахгүй болно. Дондог төлсөнийхөө хэрээр эмнэлгийн үйлчилгээ авдаг болно. Энэ тохиолдолд эрүүл мэндийн даатгалын мөнгө хаагуур, хэний гараар ордог нь ил тодорхой болно. Хэнд хэдийг зарцуулсан нь ч илэрхий болно. 2008 онд “Анод” банк дампуурах үед  тус банкинд байршиж байсан 3,2 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн даатгалын мөнгийн үлдэгдэл дампуурсан уу, далимдуулсан уу гэдэг тодорхой бус байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын системд картын үйлчилгээг нэвтрүүлчихвэл иргэдэд эмнэлгийнхэн илүү хөнгөн шуурхай үйлчлэх болно. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиа өөрчилж, энэ салбарт картын үйлчилгээг нэвтрүүлье.

Ж.НЯМСҮРЭН

Эмнэлгийн өндөр босгыг бид ингэж давдаг

Хаана ч билээ дээ. Саяхан нэгэн малын эмнэлэгт шинэ арга нэвтрүүлсэн тухай сонслоо. Эмнэлгийн дарга нь мэс засалд орсон амьтдыг түргэн хугацаанд нөхөн сэргээхийн тулд усаар эмчилгээ хийх аргыг бодож олж, амжилттай хэрэгжүүлж байгаа гэнэ.

Ингээд зогсохгүй өдрийг үсэрхэг үйлчлүүлэгчидтэйгээ усан санд өнгөрөөх нь түүний хувьд нэр төрийн хэрэг гэж байсан байх шүү. Гэтэл манайд эсрэгээрээ. Малын байтугай хүн эмнэлгийн дарга, эмч нар нь үйлчлүүлэгчидтэйгээ харьцдаг билүү. Улсын эмнэлгийн жишээг л аваад үзэхэд бидний төлсөн эрүүл мэндийн даатгалын мөнгөөр санхүүжиж байгаагаа мартаад хүйтэн хөндий харьцаж, дутуу хагас эмчилгээ хийсэн болоод л гаргадаг жишиг хэдийнэ тогтчихсон.

Энэ хүйтэн хөндий харьцаа, хагас дутуу үйлчилгээг хүртэхийн тулд яажшуухан зүдэрдгийг энэ удаа цухас дурьдая.

Хамгийн эхний даваа бол өрхийн эмнэлэг. Өрхийн эмнэлэгт үзүүлэх гэж нэг их зүдрэхгүй ч зовлон үзсэн чавганцаас тааруухан эмчтэй нүүр тулгарч юуны магад. Эмч маань "Хөнгөхөн шиг ханиад, шуухинаа тусчихсан байна" гэж оношилбол би таньдаг эсвэл хамтарч ажилладаг эмийн сангийнх нь үйлчлүүлэгч болно л гэсэн үг. "Энэ эмийн сангаас л худалдаж аваарай. Өөр газар байхгүй" гээд баахан эмийн жор бичээд өгчихнө.

Харин нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн тохиолдолд ч хэцүүхэн дээ. Хийж өгсөн бичгийнх нь дагуу харьяа эмнэлэг дээрээ очтол "Маргааш өглөө дарааллаа авч байж эмчид үзүүлнэ" гэж хэлнэ. Гэхдээ "Төлбөрөө төлөөд эмчид үзүүлж болно" гэх бас нэг сонголт бий. Үдээс хойш болохоор эмч нар зэрэг, дэвээсээ хамаараад өөрсдөдөө ханш тогтоочихдог юм билээ. Хамгийн бага зэрэгтэй эмч нь 10 мянган төгрөгөөр үздэг бол зэрэг ахих тусам үнэ нь өсөх жишээтэй.

Тиймээс мөнгөтэй бол заавал маргаашийг хүлээж цаг алдалгүй эмчид үзүүлээд оношоо тогтоолгочихож болно гэсэн үг. Харин мөнгөгүй бол маргаашийг л хүлээнэ дээ. Гэхдээ тараах дугаар нь хязгаартай учир мөнгөгүй хүмүүс маргааш нь үүр цүүрээр ирж эмнэлгийн үүд сахисан нь өлзийтэй. Эмч нар улсын ажлыг өдөрт ч хэдхэн л цаг хийгээд үдээс хойшх халтуурны ажилдаа орох ёстой шүү дээ.

Тиймээс үүрээр ирж дараалалд зогссоны хүчинд нэг дугаар олж аваад эмчдээ үзүүлнэ. Энэ хүмүүстэй эмч нар төлбөр өгч оношлуулж байгаа өвчтөнүүдтэйгээ харьцдаг шиг эелдэг харьцах нь юу л бол. Эмч үзсэнийхээ дараа шинжилгээ өг, эхо, гэрэлд харуул гэсэн зааварчилгаа өгнө. Энэ бүгд тус бүртээ төлбөртэй нь мэдээж. Тиймээс эмнэлгийн уртыг хэмжих шахам явж дахиад л уртаас урт дараалалд зогсох хэрэг гарна. Ямар ч хүнд өвчтэй байсан хамаагүй хүмүүс урдуураа оруулна гэдэг худлаа байх. Аз таарч өнөөдөртөө шинжилгээгээ өгч, эхо, гэрэлд харуулчихвал хэд хоногийн дараа хариу нь гарна.

Харин аз таарахгүй бол дахиад л маргааш ирэх хэрэг гарна даа. Хэд хоногийн дараа шинжилгээнийхээ хариуг аваад анх үзүүлсэн эмч дээрээ очиход сая нэг эцсийн шийдийг хэлж өгнө шүү дээ. Голдуу л эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгөөд өвчтөний эгнээнд шилжүүлдэг. Ингэж байж нэг юм өвчтөн боллоо. Гай болж ор хүрэлцэхгүй бол хонгилд гудас тавиад л шалан дээр хэвтэнэ шүү дээ. Бас болоогүй эмнэлэгт нь байхгүй эм, тариа өвчтөний түүх дээр нь биччихсэн байвал өөрсдөө эм, тариагаа олж эмчээрээ тариулна. Эмнэлгийн үйлчилгээг бүрэн биш ч боломжийн хэрээр хүртэхийн тулд эмчлэгч эмч, сувилагч, асрагч нарынхаа гарыг цайлгах нь бичигдээгүй хууль гэлтэй.

Гарыг нь хүндрүүлчихсэн байхад гарыг нь хүндрүүлээгүй хажууд хэвтэж байгаа өвчтөнөөс арай л илүү анхаараад байдаг юм чинь. Эмч өглөө үзэхдээ нэг витамин нэмээд биччих жишээтэй. Сувилагч, асрагч нар юу хэрэгтэй байгааг байн байн орж ирж асууна гээд бод доо. Уг нь бидний эрүүл мэндийн даатгалын мөнгөөр санхүүжиж байгаа эмнэлгийнхэн хэнийг ч ялган гадуурхалгүйгээр үйлчлэх ёстой. Гэтэл бодит байдал нэг иймэрхүү л дүр зурагтай байна. Ингээд дуусаагүй ээ. Миний нэг танил хоёр дүүтэйгээ шүдний эмнэлэгт үзүүлсэн аж. Мань хүн өөрөө даатгалгүй байсан учир мөнгөө төлөөд ломбо тавиулсан юм байх.

Төлбөрөө төлсөн учир төд ч удаагүй гэсэн. Харин хоёр дүү нь даатгалтай болж таарсан юм байх. Гэтэл тухайн эмч нь шүдийг нь цэвэрлэмээр шүү аядаж байгаад л дараа ирээрэй гээд явуулчихсан гэсэн. Уг нь тэдний шүдийг эмчилснийхээ төлөө Эрүүл мэндийн даатгалын сангаас тус эмнэлэг санхүүжилтээ авч л байгаа даа. Нийт хүн амынх нь 70 орчим хувь нь оршин суудаг нийслэлд эмнэлгийн байрны асуудал тулгамдсан асуудлуудын нэг болж хувирсан.

Гэтэл саяхан нээлтээ хийсэн Тусгаар тогтнолын ордонг барихад улсын төсвөөс багагүй хөрөнгө зарцуулсан атлаа түлэнхийн төвийн нурж унах шахсан байшинг шинээр барихад зориулж улсын төсвөөс ямар нэгэн хөрөнгө төсөвлөөгүй л байдаг. Хонгилд гудас дэвсээд хэвтэж байгаа өвчтөнүүд "томчууд"-д ямар хамаа байх вэ. Тэд төлбөрөө төлөөд л дээд зэрэглэлийн эмнэлгийн үйлчилгээ авчихна шүү дээ.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

Вакцинжуулалт ирэх долоо хоногт эхэлнэ

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт гепатит А буюу шар өвчний гаралт их байгаатай холбогдуулж, Эрүүл мэндийн сайдын 357 дугаар тушаалаар хүүхдүүдийг вакцинд хамруулахаар болсон билээ. Халдварт гепатит өвчний дархлаажуулалтыг халдварт өвчин голомтлон гарч байгаа хүүхдийн байгууллага, сургуулийнханд хийх ажээ. Тодруулбал, зөвхөн сонгогдсон хүүхдийн байгууллага, нийслэлийн дүүрэг бүрээс хоёр сургуулийн нэгээс тавдугаар ангийн сурагчдыг хамруулах юм. Үүнд, Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн 30, 84 дүгээр сургуулиудад дээрх вакцинжуулалтыг хийхээр төлөвлөжээ. Нийт 11600 хүүхдийг үнэ төлбөргүй  дархлаажуулалтад хамруулах бөгөөд ирэх долоо хоногоос вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх болсон байна. Харин эцэг, эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүсч байвал 28300 төгрөгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын санд төлж, хүүхдээ вакцинжуулалтад хамруулж болох нь ээ. Түүнчлэн, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 1,8-2 настай бүх хүүхдийг вакцинжуулалтад хамруулах юм байна.

Irgenii niigem
Hi miniii blogiig uzez tsag zavaa barj b.gaa tand ih bayrlalaa. Bi solongos ulsad surdag oyutan l daa.Sayhan netees Mongold ers shinechlel hodolgoon uusj b.guuladsanii 2jilinhe oig hiih gej b.na gej medlee tiimees enehuu niitleleer ta buhentei sanalaa soliltsii gej bodloo.Ene niitleliin garchgiig irgenii niigem gej ogsoniig ta buhen anzaarsan bolov uu! bi ter medeeleliig avaad l Mongoliin irgeniii niigmiin onoogiin tolovshliin talaar bolon ongorson hugatsaanii tuhai ireeduin hogjliin tuhai ergestuulsen ymaa. irgenii niigem gedeg jinhen utgaaraa odoo ornodod l b.dag b.h tiim uu? Ardchilal, choloot zah zeeliin niigemd shiljeed heden zuun jiliig ongorooson ter niigemtei hartsuulah ym bol manaid baigaa gej ch helhed unheer hestuu ym. Irged ni b.ga bolhoor mon ardchilsan gegdeh niigemd alban esoor orood bagagui hugatsaag ongorooson bolhoor irgenii niigem ni todorhoi hemjegeer tolovshiliin neg shatandaa b.gaa bolov uu? gesen uudnees ergetsuuleni bichij suuna.Odoohondoo nadad uunees oor hiij chadah zuil alga da!!!
bi neg nomnoos unshij b.la *Irgenii niigem gej irgenshij tolovshson irged ni ooriin sain duraar niigmiin zohion b.guulaltad oroltsoh bolon hynalt tavih uil yvts* gesen todorhoiloltiig.
endees hamgiin turuun neg ym haragdaj b.gaa ym l daa Irgenshij tolovshson irged gesen neg l ug. Manai Mongold irgenshij tolovshson hun er ni b.ga ym uu???End yagaad zaaval irgenshij tolovshson irgen gej b.na ve gehleer ooroo irgenshij chadaagui mon zan aash bolon oyun uhaanii huvd tolovshoogui hun hezee ch zov hynalt bolon zov shaardlaga tavj chaddaggui gedegtei holbootoi ym.Tegeheer bid ehleed sain tolovshih heregtei ym b.na.Za tegvel ymar huniig tolovshson hun geh ve? Erdemtei hun daruu Ih moron dolgoon tiimee bid ehleed medleg bolvsroltoi bolj baij l toovshih ym baina tiimuu!!!
bas yaj irgenshih ve? ene bol tuiliin engiin hun bur *bi ene niigmiin neg ed es bii b.hgui bol haa negtei minii hiih ajil uldne,minii hiih ajil uldvel hen negen ymar neg ymaar dutagdana*gedgiig l oilgoh yvdal ym.<Za za nadaar l dutav gej>gej bodoj l bolhgui.
Bi l sain saihan b.val niigem maani saihan b.na gesen iolgolt l dutaad b.gaa hereg.Uuniig meddeg bolhoor ornodod ard tumen ni bie biendee shaardlaga tavj chaddag bi ene niigemd chine amdarch b,gaa bolhoor bi harj handahj estoi gej oilgodog gene.Za bi baahan nurshuu ym yrchih vuu daa! gehdee ta buhen ch bas ene tuhai neg ergetsuuleed uzeerei!!!!!!!ingeed bidnii sain saihnii toloo temtsegch jinhene zorigton ta nart bayriin mendiig hurgie. Ta nariin Mongoliin irgenii niigmiin tolovshild oruulj bui huv nemer asar ih ym shuu!!!!!!!!!Ta nariin ur huuhed saihan niigemd osch boijih bolnooo.
(Нийт: 7)